/
x

Үндсэн / Бидний тухай / Мэдээ / Майкрософт корпораци оюуны өмчийн зөрчлийн эсрэг үйл ажиллагаагаа Монгол улсад эхлүүлнэ

Майкрософт корпораци оюуны өмчийн зөрчлийн эсрэг үйл ажиллагаагаа Монгол улсад эхлүүлнэ

2015.08.03
Майкрософт корпораци оюуны өмчийн зөрчлийн эсрэг үйл ажиллагаагаа Монгол улсад эхлүүлнэ

Майкрософт корпорациас Windows 10-ын шинэ хувилбарыг хүн бүр үнэгүй татаж авах боломжтой болсон талаар зарласан байна. Сонирхолтой нь энэ нь хулгайн хувилбар ашиглагчдад ч мөн хамааралтай юм (зарим хязгаарлалтууд байх боломжтой).  Энэ нь хулгайн програм хангамж ашиглагчдад сайн мэдээ ч, хуль бус Windows-уудад түгээмэл байдаг хортон вирус тараагчдын хувьд тийм ч таатай зүйл биш юм.

Бид Майкрософт корпорацийн Төв болон Зүүн Европын шинэ зэх зээлүүдэд (Беларус, Молдав, Кавказ, Төв ази болон Монгол) оюуны өмч, оюуны өмчийн зөрчилтэй тэмцэх, програм хангамжийн зөвшөөрөлтэй холбоотой бизнес хөгжлийн стратегийг гүйцэтгэх, програм хангамжийн зөвшөөрөл хариуцсан захирал Евгений Даниловтай Монгол улс  дахь  програм хангамжийн хулгайн асуудал болон энэ талаар Майкрософт корпорацийн цаашид баримтлах бодлогын тухай ярилцлаа.

1. Та Монголын телевизүүдийн форумд оролцож оюуны өмчийн эрхийн талаар илтгэл тавьсан. Энэ асуудлаар Майкрософт корпораци Монгол улсад ямар байр суурь баримтлаж байгааг бидэнд товчхон танилцуулахгүй юу?

Монгол Улс бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад, хууль бус програм хангамжийн зөрчил  нийтлэг нөхцөл байдалтай байгаа. Бид сүүлийн 2  жилийн хугацаанд Монголын зах зээлийг ажиглаж байна, гэвч одоогийн байдлаар оюуны өмчийн асуудал Засгийн газрын бодлого хөтөлбөрт тусгагдаагүй байгаа учир нөхцөл байдал сайжирч байгаа гэж хэлэх боломжгүй. Хууль бус програм хангамжийн тархалт маш өндөр байгаа. Та Монголд хулгайн програм хангамж суулгасан компьютер зарж байгаа дэлгүүрийг амархан олж болно. Нэр хүндтэй зарим томоохон компаниудаас эхлэн  зарим төрийн байгууллагууд ч лицензгүй програм хангамж ашиглаж байна.  Компьютер хэрэглэгчдийн дийлэнх нь хууль бус програм хангамж хэрэглэснээрээ Зохиогчийн эрх болон туунд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчиж байгаагаа мэддэггүй. Гол асуудал нь зохиогчийн эрхийг зөрчсөнөөрөө хариуцлага хүлээж байгаа тохиолдол эргэн тойрондоо олж харахгүй байгаа хэрэглэгчид хууль бус програм хангамжийг үргэлжлүүлэн ашигласаар л байна.

2. Майкрософт корпораци Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээж байгаа гэж сонссон. Та энэ талаараа бидэнд тодруулж өгөхгүй юу, төлөөлөгчийн газрын гол зорилго юу байх вэ?

Энэ асуултад хариулахын тулд эхлээд хэдэн зүйлийг тодруулах хэрэгтэй болов уу. Майкрософтын оюуны өмчийн зөрчлийн эсрэг стратеги нь 3 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй: оюуны өмчийн эрхийн талаар мэдлэг түгээх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эцэст нь хууль сахиулах ажиллагааг эхлүүлдэг.

Оюуны өмчийн эрхийн талаар мэдлэг түгээхдээ бид Монгол дахь албан ёсны түншүүдээрээ дамжуулан байгууллага, мэргэжлийн холбоод болон төрийн байгууллагуудад хууль бус програм хангамж ашиглахын эрсдэлийг таниулах  үйл ажиллагааг явуулдаг. Бид хэрэглэгчдэд энэ сэдвийн дагуу бодлогоо саяхан Улаанбаатар хотод зохион байгуулсан “Microsoft Innovation Day” гэх мэт арга хэмжээ болон бусад хэрэглэгчдийн уулзалтуудаар  дамжуулан хүргэдэг. Майкрософт Монгол дахь түншүүдээ сургаж, тэднээр дамжуулан хэрэглэгчдэд лицензтэй програм хангамжийн  давуу талуудыг таниулан сурталчилдаг. Бид хамтдаа оюуны өмчийн эрхийн асуудлыг төрийн бодлогод тусгуулж програм хангамжийн хулгайн асуудал Монголын эдийн засагт ямар хор уршигтайг таниулсанаараа програм хангамжийн хулгайг бууруулах, Майкрософт корпорацийн шалгарсан туршлагыг хэрэгжүүлэх боломжтой. Хамгийн шүүмжлэлтэй хэсэг нь юу вэ гэвэл: хүмүүс хууль зөрчиж байгаагаа болон  хууль бус програм хангамжийн эрсдэл, үр дагаврыг бүрэн ойлгоогүй цагт тэдэнд хариуцлага  хүлээлгэх нь шудрага бус юм.

Бид өөрсдийн техник технологи, хуримтлуулсан туршлагаа ашиглан аль болох зөрчил гархаас өмнө, эх үүсвэр дээр нь урьдчилан сэргийлэхэхийг зорьж ажилладаг. Бид эцсийн хэрэглэгчдэд хулгайн програм хангамж хүрэх эрсдлийг олж харж, тэр цэгт хүрч ажиллахыг эрмэлздэг. Зарим борлуулалтын цэгүүдээр тухайн борлуулж буй техник хангамж дээр албан ёсны лиценз худалдан авах шаардлагатай гэдгийг хэлдэггүйгээс олон хэрэглэгчид маань мэхлэгдэж байна. Тэд хулгайн програм хангамж суулгаснаараа барааныхаа үнэ болон анхаарал татах боломжийг өсгөдөг. Бид тэдгээр хохирч буй хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалахыг хичээж байна. Зах зээлийн судалгаа шинжилгээ хийх явцдаа манай хуулийн төлөөлөгчид компьютер борлуулагч нар Майкрософтын бүтээгдэхүүнүүдийн хулгайн хувилбарыг компьютерууддаа суулгасан эсвэл тээрвэрлэх буюу импортолсон зөрчил их байгааг тогтоосон тиймээс тэдний эсрэг хуулийн арга хэмжээ авах болно. Саяхан Монголын нэгэн байгууллага худалдан авсан компьютеруудын  дагалдаж ирсэн Windows-ыг албан ёсны эсэхийг шалгуулах хүсэлтийг сайн дурын үндсэн дээр тавьсан бөгөөд шалгалтын дүнд хуурамч гэдэг нь тогтоогдсон (Хэдий хэрэглэгчийн маань хувьд таатай мэдээ байгаагүй ч цаг алдалгүй арга хэмжээ авч хохирлыг нийлүүлэгч талаас нэхэмжилснээр асуудал нааштай шийдэгдсэнд бид ч баяртай мөн хэрэгчид сайн дурын үндсэн дээр өөрсдөө оюуны болон мэдээллийн аюулгүй байдалдаа санаа тавьж байгаад нь сайшаалтай хандаж байгаа).

Ямар ч хуулийн этгээдийн ашиглаж буй програм хангамжийг хууль ёсны эсэхийг шалгах хялбархан байдаг.  Иймээс бид аливаа нэг байгууллага лицензгүй програм хангамж хэрэглэж байгааг мэдсэн тохиолдолд эхний ээлжинд тэдэнд лицензгүй програм хангамж ашиглахын хор уршгийг тайлбарлан таниулж, хамтдаа асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдэх арга зам хайдаг. Хэрэв энэ нь үр дүнд хүрэхгүй бол бидэнд хуулийн төлөөлөгчдөө татан оролцуулж Майкрософтын оюуны өмчийг зөрчиж буй явдалыг таслан зогсоох эрх бий. Иймд бид Монгол улсад Майкрософтын хуулийн төлөөлөгчийн газрыг дараах гурван шалтгааны улмаас байгуулахаар шийдсэн юм.

Нэгдүгээрт, бид оюуны өмчийн эрхийн талаар Засгийн Газартай хамтран ажиллах сонирхолтой байгаа. Хоёрдугаарт, бид Монголын хэрэглэгчдийг хулгайн гэмт хэргийн хохирогч болхоос урьдчилан сэргийлж, хууль бус үйл ажиллагааг газар дээр нь таслан зогсооход  холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана. Эцэст нь бид оюуны өмчийн тухай болон холбогдох хуулийн хэрэгжилт бүрэн дүүрэн хэрэгжих боломжтойг нотлоно. Ингэснээр, зохиогчийн эрх эзэмшигчид  эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалах боломжтойг харуулах юм.

3. Судалгаанаас үзэхэд Монголд хууль бус програм хангамжийн хэрэглээний түвшин 90% гаруй хувь байдаг байна. Энэ нь Windows, Office болон бусад програм хангамжийн 10 хэрэглэгч тумтын 9 нь хулгайн хувилбар ашиглаж байна гэсэн үг. Та хувь хүнийхээ зүгээс энэ нь улсын хувьд ямар хор уршигтайг бидэнд хэлж өгөөч?

Програм хангамжийн хулгайн асуудал нь хэд хэдэн ноцтой эрсдлийг дагуулдаг. Бодит байдал дээр хулгайн програм хангамж нь  лицензтэй бүтээгдхүүнтэй хэзээ ч адил байдаггүй бөгөөд тодорхой хэмжээгээр өөрчлөлтүүдийг хийсэн байдаг.  Өнөөдөр хакерууд лицензтэй бүтээгдэхүүнүүдийг зугаагаа гаргахын тулд хулгайлхаа больж, аль хэдийнээ нарийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд бий болжээ. Хууль бус програм хангамжид  таны нууц мэдээлэллүүд болох бүх төрлийн нууц үг, бичиг баримт, зураг, банкны мэдээллийг хулгайлах хортон вирус код зэргийг нэмж өөрчилсөн байдаг.Мөн та хулгайн програм хангамж ашиглаж байгаа тохиолдолд  програм хангамж үйлдвэрлэгчдээс гаргаж буй  шинэчлэл болон техникийн туслалцааг авах боломжгүй байдаг. Танай байгууллагын нэг л компьютер хулгайн програм хангамжтай бол гэмт этгээдүүдэд байгууллагынхаа дотоод сүлжээнд чөлөөтэй нэвтэрч хор хохирол учруулах боломжийг нээж өгч байна гэж ойлгож болно. Иймээс бид зөвхөн албан ёсны лицензтэй, зааврын дагуу зөв суулгаж тохируулсан програм хангамж болон түүний  шинэчлэлүүд /update / нь танай байгууллагын системийн найдвартай, аюулгүй байдлыг бүрэн хангаж чадна гэж хэлдэг юм. Саяхан ОХУ-д хийсэн судалгаанаас үзхэд 100 ширхэг Windows 7 суулгахад 80 гаруй ширхэг нь ямарваа нэг зорилгоор өөрчилсөн хортой код, вирус агуулж байсан ба нэг хувилбар нь интернетээс үнэгүй олох ч боломжтой байсан байх жишээтэй байна. Өөр нэгэн судалгаанаас хархад хулгайн програм хангамж ашигласнаас үүссэн системийн гэмтлийг засахад гарах зардал нь шинэ албан ёсны програм хангамж худалдан авсанаас 3 дахин өндөр зардал гарч байна. Майкрософт корпораци нь Сингапурын их сургуультай хамтран нэгэн туршилт хийсэн юм. Энэ туршилтаар бид 11 орноос 100 ширхэг компьютер түүврээр сонгож  шалгаж үзхэд,  тэдгээрийн 60 нь хулгайн програм хангамж суулгасан байснаас шалтгаалан шинээрээ вирустай болсон байна гэсэн үр дүн гарсан.

Аливаа байгуллага хууль бус програм хангамж хэрэглэснээрээ өөрийгөө техникийн, мэдээллийн аюулгүй байдлын, нэр хүндийн болон хууль эрх зүйн талаасаа эрсдэлд оруулж байдаг. Бидний ажигласнаар олон томоохон байгууллагууд болон удирдлагууд програм ханагамж ашиглалтын бодлогтоо зохих ёсоор анхаарал хандуулдаггүй.  Тэд програм хангамжаа өөрийн хөрөнгө гэж авч үздэггүй, хөрөнгөө зарцуулж байгаа гэсэн хандлагаар ч ханддаггүй.  Хэдийгээр зарим байгууллага програм хангамжийг мөнгөө төлж худалдан авсан  ч тогтмол хяналт тавьж, юу хэрэглэж байгаагаа ойлгох тал дээр анхаардаггүй, ашиглаж байгаа програм хангамжийг лицензтэй эсэх болон үр дүнтэй бүрэн ашиглаж чадаж байна уу гэдэгт тавих хяналт сул байна. Иймд байгууллага бүр өөрийн хэрэглэж буй програм хангамжид хяналт тавьж, энэ талаар тодорхой бодлоготой байх нь зүйтэй юм.

4. Таны бодлоор Оюуны өмчийн эрхийн хамгаалахад Монгол улсын Засгийн Газар ямар үүрэгтэй оролцох ёстой вэ? Одоогийн байдлаар Засгийн Газар энэ асуудлын чухлыг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг сайжруулахад ямар нэг арга хэмжээ авч байгаа юу?

Юуны өмнө Засгийн Газар өөрөө хууль бус програм хангамжийн хэрэглээгээ бүрэн зогсоож, оюуны өмчийн эрхийг үндэсний хэмжээнд сурталчлах компанит ажлыг удирдаж, зах зээл дээр хулгайн бүтээгдэхүүний асуудлын талаар эмх журам тогтооход хамгийн чухал үүргийг гүйцэтгэх ёстой. Саяхан Монгол дахь Америкийн Худалдааны танхимаас маш чухал, цогц баримт бичиг гаргасан. Үүнд Монгол улс дахь оюуны өмчийн эрхийн нөхцөл байдлыг тодорхойлж, тус нөхцлийг сайжруулахын тулд  Засгийн газрын зүгээс авч болох арга хэмжээг дэлгэрэнгүй гаргасан байсан.  Миний бодлоор Монголын Засгийн газар одоогоор хууль бус програм хангамжийн хор уршгийг  бүрэн таньж мэдээгүйн адилаар програм хангамжийн хулгайг бууруулахын ач тусыг гүйцэт үнэлэхгүй байна. Би Монголын телевизүүдийн форумд тавьсан илтгэлдээ дурьдсанчлан  бид замынхаа дөнгөж эхлэлд байна, цаашдаа Засгийн газар болон оюуны өмчийн эрхийн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагатай  хамтран бидний замд байгаа том чулууг зайлуулахын төлөө тууштай ажиллах болно.

5. Монгол улсад хууль бус програм хангамжийн хэрэглээг бууруулсанаараа, бизнесийнхэнд ямарваа нэг эерэг нөлөө ажиглагдах уу?

Тэгэлгүй яах вэ, бусад орнуудын адилаар, Монголд ч мөн тун удахгүй эерэг өөрчлөлтүүд ажиглагдана гэдэгт итгэлтэй байна.  Мөн Майкрософтын олж буй 1 доллар тутамд манай тухайн орон нутгийн түншүүд маань 8 долларын ашиг олох боломжтой байдаг.

6. Эцэст нь асуухад Майкрософт корпорацийн хувьд Монгол улс дахь ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

 Бид Монгол улсад бизнес хөгжүүлэлтийн шатандаа ажиллаж байна.  Бидний цаашдын гол зорилго бол хэрэглэгчдэд өөрсдийн бүтээгдэхүүнээ болон туслалцаа үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгох, оюуны өмчийг дээдэлдэг зах зээлийг бий болгохын тулд  Засгийн газар болон  холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах юм.

 

Тус ярилцлагын англи хэл дээрхи хувилбарыг дараах холбоосоор унших боломжтой:

http://mongolbeat.com/microsoft-looks-mongolia-anti-piracy-efforts/9823

Тус ярилцлагыг оюуны өмчийн газрын сайтнаас орж доорх холбоосоор унших боломжтой:

http://www.ipom.mn/index.php?option=com_content&task=view&id=283&Itemid=69